Хүүхэд бидний ирээдүй
Завгүй бүсгүйн нэг өдөр
Тэр өглөө нар ургахаас, харанхуй болж орондоо орох хүртлээ борви бохисхийхгүй ямар нэг юм хийж, хэдэн өрөөгөө дамжин ядартлаа гүйнэ. Өглөө босонгуутаа чанга дуугаар "Ээжээ бос" гэж захиргаадаад, орноосоо бууж, зочны өрөөний буйдан дээр хэвтээд намайг сүү халааж өгтөл тэвчээртэй хүлээдэг юм. Сүүгээ уучихаад, нүүр гар, шүдээ угаагаад (угаахаасаа илүү сойзоороо ус хутган сорж баахан уудаг юм), хувцасаа солиод, эмэгтэй хүн юм болохоороо нүүр амаа янзалж, ээж эмээ хоёрынхоо аль нэгний пудр, уруулын будгийг хэрэглээд, зурагтныхаа өмнө тухтай нь аргагүй хайртай сармагчингаа тэврэн сууж, teletubbies үзээд, эмээтэйгээ салхилахаар гардаг. Салхилж орж ирээд, үдийн хоолоо идээд хоёр цаг хэртэй унтаж босоод орой болтол гэр цэвэрлэх, хоол хийх, юм угаах гээд гэр орны бүх ажилд гар бие оролцох далимдаа дэвтэр дээрээ эсвэл өрөөний ханан дээр зураг зураад бас амжчихна. Ханан дээр зураг зурлаа гэвэл би биш агаа зурсан гээд хариуцлагаас мултарч дөнгөнө. Дундуур нь зав гарвал сармачингаа хооллож, усанд оруулж (нэг удаа жорлонгийн усанд угаачихсан гэж байгаа) бас живх өмсүүлээд авна. Бас гутал хувцасаа хэд хэд сольж амжина. Чебурашка видео, сумо бөхийн барилдаан, компьютер дээр зураг үзэхээ мартана гэж байхгүй.Оройн хоол хийж эхлэхэд өөрийнхөө тоглоомон тогоо шанагаа бас хангинуулаад, гурил элдэж хэрчиж, заримыг нь бөөрийнхийлөн халаасандаа нөөцөлж авна, дараа өлсвөл гэж боддог бололтой. Оройн хоолны дараа энүүгээр тэрүүгээр ядарсан хүмүүсийг олж, чагнуураар чагнаж онош тогтоож, заримыг нь харандаагаар тарьж, заримынх нь толгойнд массаж хийж арчилна. Бас өөрийнхөө цусны даралтыг хэмжихээ бас мартахгүй. Тэгээд хивсэн дээр хэвтээд нэг хоёр гэж хөлөө өргөн гимнастик хийгээд, казах болон монгол ардын бүжиг хийж, өөрийн мэддэг "Маамуу нааш ир", "Чигчийн чинээ", "Нараа нараа нааш ир", "Цэнхэр дээлээ өмсөөд" гэх мэт
дуунуудыг бүгдийг нь хүмүүстэй хамтарч дуулаад, гурван дугуйтаа унаж нааш цааш холхиулаад ядарсанаа мэдрэхээрээ " Ёо, ёо нойр хүрээд" гэж хоёр гараа дээр гэгч нь өргөж суниагаад одоо унтъя гэнэ. Тэгээд л бас шүд, нүүр гараа угааж, живхээ бас унтлагын хувцасаа өмсөөд хүмүүст сайхан унтахыг ерөөгөөд өрөө уруугаа пажиг пажиг гэж гүйж ороод орондоо орсон хойноо ээждээ "Бандуунаа", "Бүүвэй" эсвэл "Бөмбүүрэй" аль стилээр бүүвэйлэхийг нь заагаад урт гэгч сормуусаа дэвэн дэвсээр давсанд явдаг гэж байгаа. Маргааш өглөө нь нартай уралдаж босоод л нөгөө жаран чавганцын ажлаа борви бохисхийлгүй гүйж амжуулна даа.
Саяхан л улаан нялзрай байсан үр минь нүдэн дээр өөрийн бодолтой, чамгүй биеэ даасан завгүй бүсгүй болоод өсчих юмаа.
http://nomiinclub.blogspot.com/2008/01/blog-post_25.html -аас хуулж тавив. Сэтгэгдлээ эх бичлэг рүү орж үлдээнэ үү!
бичсэн: xvv | төрөл: Хөөрхөн 2008-01-26 өдөр 17:03
Холбоос | Мэйлээр илгээх |
Сэтгэгдэл бичих